Монгол Улсын Үндсэн хуулинд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан зааж, энэ дагуу 1993 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдан, 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон юм. Гэвч хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн нийт бүтээлүүдийн хувьд хэдийгээр дийлэнхи бүтээлүүд нь өнөөг хүртэл ашиглагдаж, нийтийн хүртээл болсоор байгаа боловч энэ хуулийн зохицуулалтанд хамрагдах боломжгүйн улмаас янз бүрийн хүндрэл бэрхшээл үүсч, зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх зарим асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

Нэг талаас зохиогч нар нь бүтээлдээ зохиогчийн эрхээ эдлэх эрх зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр тухайн цаг үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын үүднээс авч үзвэл төр өмчлөх боломжтой боловч төрийн нэрийн өмнөөс эзэмших, ашиглах, захиран зарцуулах субьект тодорхойгүй зэргээс үүдэн нэгд, тэдгээр бүтээлүүд эзэнгүйдэж байгаа, хоёрт, тэдгээр бүтээлүүдийг дурын этгээд ямар нэг зөвшөөрөлгүйгээр ашиглан орлого олж, өөрчлөн засварлаж, өөр үүсмэл бүтээл туурвиж байгаа, гуравт, зохиогч нар өөрсдөө зохиогчийн эрхээ эзэмших хүсэлтэй байвч боломжгүй, дөрөвт, тодорхой бүтээлүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь энэ эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.

Мөн Монгол Улс Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцид элсэн орохоос өмнө гадаадын зохиол, бүтээлийг ямар нэг звөшөөрөлгүйгээр орчуулж байсан, мөн тэдгээр бүтээлд тулгуурлан өөр үүсмэл бүтээл туурвиж байсан бөгөөд одоо тэдгээр үүсмэл бүтээлийг ашиглахтай холбогдон эх бүтээлийн зохиогчийн эрх зөрчигдөх явдал гарч байна.

Эдгээр асуудлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд дараах байдлаар шийдэж болох юм.

Үүнд, нэгдүгээрт, Одоогийн мөрдөгдөж буй Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн зохицуулалтанд 1993 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө бүтээгдсэн утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээлийг бүхэлд нь хамруулах талаар эрхийн акт батлан гаргаж болох юм.

Хоёрдугаарт, бүтээлийн онцлог тус бүрээр тусад нь зааж зохиогчийн эрхийг эзэмших талаар зохицуулалт хийж болох юм. Жишээлбэл:

– 1992 оны Үндсэн Хуулийн 7 дугаар зүйлд заагдсан “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, …”, 16 дугаар зүйлд заагдсан “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: … 8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. …”  гэсэн заалтыг баримтлан өөрийнхөө оюуны хөдөлмөрийн үр дүнгээр бүтээл туурвисан зохиогч нарт бүтээлийн эд хөрөнгийн онцгой эрхийг эдлүүлэхээр тусгаж эрх зүйн акт гаргах;

– Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан, хэрэглэж байгаа болон төрийн өмчлөлийн сан хөмрөгт тусгайлан авсан бүтээлүүдийн хувьд тухайн төрийн байгууллага, сан хөмрөгийн мэдэлд хэвээр үлдээхээр тусгаж шийдвэрлэх

– Төрийн мэдлийн сан хөмрөг, музей, галерей, архивын сан хөмрөгт авсан бүтээлийн зохиогчийн эрхийг уг байгууллага эдлэхээр тусгах,

– Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн өмчийн их, дээд сургууль болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байсан бусад байгууллагууд дээр хийгдсэн эрдэм шинжилгээний ажилд холбогдох бүтээлүүдийн зохиогчийн эрхийг тухайн байгууллага эдлэх,

– Уран барилга, уран баримлын хувьд тухайн бүтээлүүдийн оршин байгаа газартайгаа салшгүй холбогдсон байдал зэргээс нь шалтгаалан орон нутгийн засаг захиргаанд нь эрхийг эдлүүлэхээр тусгах;

– Тодорхой тооны бүтээлүүдээс бүрдсэн эмхтгэл бүтээл, бүтээлийн бичлэг, тоглолтын зохиогчийн эрхийн хувьд эх бүтээлийн зохиогчийн эрхээс тусдаа ойлголт учир эмхтгэгч, бичлэг үйлдвэрлэгч болон тоглолт зохион байгуулагч нарт нь эрх эдлүүлэхээр тусгах;

– Шуудангийн маркны хувьд шуудангийн гүйлгээнд хэрэглэгдэж байсан буюу хэрэглэгдэж байгаа төлбөрийн хэрэгслийнх нь хувьд тухайн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллагад зохиогчийн эрхийг эзэмшихээр тусгах;

– Урлагийн байгууллагын урын санд байгаа тоглолтын зохиогчийн эрхийг уг байгууллага эзэмшихээр тогтоох,

– Дуу авианы бүтээлийн бичлэгийн зохиогчийн эрхийг тухайн бичлэгийн эх хувийг эзэмшиж байгаа этгээд эзэмшихээр тогтоох,

– Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийг тухайн байгууллага эзэмшихээр тогтоох,

            – Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцийн гишүүн орнуудын хувьд зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдох бүтээлийг энэ Конвенцид Монгол Улс нэгдэн орохоос өмнө буюу 1998 оны 3 дугаар сарын 12- ны өдрийг хүртэлхи хугацаанд зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүйгээр орчуулсан, бусад хэлбэрээр үүсмэл бүтээл туурвисан бөгөөд орчуулагч, үүсмэл бүтээл туурвигч болон бусад этгээд уг орчуулга болон үүсмэл бүтээлийг ашиг олох зорилгоор ашиглах, нийтийн хүртээл болгох бол урьд нь нийтийн хүртээл болгосон эсэхээс үл хамааран эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авч байхаар тогтоох;

            Гуравдугаарт, 1993 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүтээгдсэн нийт шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлүүдийг төрийн өмчлөлд байлгаж, төрийн нэрийн өмнөөс тухайн асуудлыг хариуцдаг субьект эзэмших зохицуулалт байж болох юм.           

            Зохиогчийн эрхийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн бүтээлүүдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагууд, энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын санал бодол зайлшгүй чухал байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Жич: хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлээ нийтэллээ. Өнөө хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна.