Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Тайландын Оюуны өмчийн газар /Department of Intellectual Property of Thailand/-аас хамтран 2011 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Бангкок хотноо “Патентын уян хатан зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон хэрэглэх нь” сэдэвт семинар зохион байгуулав.

            Семинарийн үеэр дараах асуудлуудыг хэлэлцлээ.

–       Патентын болон хөгжлийн  асуудлын хүрээнд ДОӨБ-аас үзүүлж буй эрх зүйн болон техникийн туслалцаа

–       Патентын эрх зүйн олон талт зохицуулалтын хүрээ ба олон улсын агенда

–       Эрх зүйн олон талт зохицуулалтын хүрээн дэхь патентын уян хатан зохицуулалт ба тэдгээрийн үндэсний болон бүсийн хэмжээн дэхь эрх зүйн хэрэгжилт

–       Азийн бүс нутаг дахь патентын уян хатан зохицуулалтыг үр дүнтэй хэрэглэж байгаа байдал болон тулгарч буй үндсэн бэрхшээлүүдийн талаархи тойм

–       Патентлагдах боломжтой зүйлийн тодорхойлолтонд хамаарах уян хатан байдлын зохицуулалт

–       Албадан лиценз

–       Эмийн үйлдвэрлэлийн хэтийн төлөв

–       Эрхийн үйлчлэл дуусгавар болох /Exhaustion of rights/, үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн бодит үр дагавар

–       Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой /Research/ болон захиргааны журмын зохицуулалттай холбоотой /Regulatory Review/ онцгой тохиолдол /Exception/, хэрэгжүүлэхэд тулгарч буй үндсэн бэрхшээлүүд

 Семинарт Бангладеш, Бутан, Кампучи, Хятад, Индонези, Иран, Лаос, Малайз, Монгол, Балба, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Филиппин, Сингапур, Шри Ланк, Вьетнам зэрэг улсуудаас оролцсон ба ДОӨБ, Сингапур, Тайланд, Филиппин, Японы илтгэгчид дээр дурдсан сэдвүүдээр илтгэл тавилаа. Оролцогч улсууд мөн тухайн улсынхаа нөхцөл байдлын богино илтгэл тависан болно. Монгол Улсын хувьд “Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой болон захиргааны журмын зохицуулалттай холбоотой онцгой тохиолдлуудыг хэрэглэх үеийн үндсэн бэрхшээл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Захиргааны журмын зохицуулалттай холбоотой зүйл манай хууль тогтоомжинд байхгүй байсан учраас зөвхөн судалгааны ажилтай холбоотой онцгой тохиолдлыг хэрэглэхэд гарч буй хүндрэлийн талаар дурдсан.

 Патентын уян хатан байдлын талаархи ерөнхий ойлголт

 Патентын уян хатан байдал гэдгийг дараах байдлаар тодорхойлж байна. “Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнууд ТРИПС хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ ашиглаж болох эрх, хамгаалалт болон боломжуудын хүрээ” гэж нэг янзаар тодорхойлсон байна. Зарим тохиолдолд ТРИПС хэлэлцээрийн патенттай холбоотой уян хатан байдлыг зөвхөн эрүүл мэндийн салбарт хамаатуулан тайлбарладаг байна.

Уян хатан байдал гэдгийг ДОӨБ-ын чуулгын хурлын материалд “ТРИПС хэлэлцээрээр хүлээсэн үүргийг үндэсний хууль тогтоомжид тусгахдаа үндэсний ашиг сонирхлыг хангаж, хэлэлцээрийн зохицуулалтууд болон зарчмуудыг тэдгээртэй нийцүүлэх янз бүрийн боломжууд” гэж тодорхойлсон байна.

Патентын уян хатан зохицуулалтыг дараах байдлаар ангилан үзэж байна.

 –       Эрх олж авах үйл ажиллагааны хүрээнд

–       Эрхийн хамгаалалтын хүрээнд

–       Эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд

Хэлбэрийн хувьд албадан лиценз ба төрийн ашиглалт, эрдэм шинжилгээ, эрх дуусгавар болох, параллел импорт, судалгааны ажилтай холбоотой онцгой тохиолдол, захиргааны журмын холбогдолтой онцгой тохиолдол, ашигтай загвар гэж ангилж байна. Ашигтай загвар, генетикийн материалтай холбоотой зохицуулалт болон уламжлалт мэдлэг нь ТРИПС хэлэлцээрийн зохицуулалтанд хамаарахгүй боловч улс орнууд үндэсний хууль тогтоомжинд тусгаж болох уян хатан зохицуулалтанд тооцогддог байна.