Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн тойм

Энэ конвенцийн зорилго нь өргөн утгаараа аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтанд чиглэгдсэн бөгөөд аж үйлдвэрийн өмчид патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, үйлчилгээний тэмдэг, худалдааны тэмдгүүд, газар зүйн заалт, шударга бус өрсөлдөөнийг хориглох үйл ажиллагаа багтдаг. Конвенцийн үндсэн заалтууд нь үндэсний горим, анхдагчийн эрх болон нийтлэг журмууд гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагддаг.

Үндэсний горимтой холбоотой зохицуулалтууд нь аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтын хувьд гишүүн улс бүр конвенцийн гишүүн бусад улсын иргэдэд өөрийн улсын иргэнд эдлүүлдэг эрхийн хамгаалалтыг адил байдлаар эдлүүлдэг байхад чиглэгддэг.

Парисын конвенц нь 1883 онд байгуулагдсан. 1900 онд Брюсселд, 1911 онд Вашингтонд, 1925 онд Гаагад, 1934 онд Лондонд, 1958 онд Лиссабонд, 1967 онд Стокхолмд хянан засварласан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарнагийн хэлэлцээрийн тойм

Энэ хэлэлцээр нь бүтээгдэхүүний загварын ангиллыг тогтоосон бөгөөд нэгдэн орсон орнуудын тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь бүтээгдэхүүний загварыг хадгалж буйгаа эсвэл бүртгэснээ нотолж буй албан ёсны бичиг баримт дээр тухайн бүтээгдэхүүний загварын хамаарагдаж буй ангилалын дугаарыг заавал зааж өгөх шаардлагатай байдаг.

Локарногийн ангилал нь 32 анги болон 219 дэд анги, түүнчлэн тухайн анги, дэд ангиудад хамаардаг барааны нэрсийн жагсаалтаас бүрддэг. Барааны нэрсийн жагсаалт нь цагаан толгойн үсгийн дарааллаар байдаг ба 2009 оны байдлаар энэ жагсаалтанд 7024 бараа хамрагджээ.

Энэ хэлэлцээр нь 1968 онд байгуулагдсан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт орсон.

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн тойм

Энэ хэлэлцээр нь барааны тэмдэг болон үйлчилгээний тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний ангилалыг тогтоосон бөгөөд нэгдэн орсон орнуудын тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь барааны тэмдгийг бүртгэснээ нотолж буй албан ёсны бичиг баримт дээр тухайн барааны тэмдгийн хамаарагдаж буй ангилалын дугаарыг заавал зааж өгөх шаардлагатай байдаг.

Ангилал нь барааны 34, үйлчилгээний 11 ангилал болон бараа, үйлчилгээний жагсаалтаас бүрддэг. 2009 оны байдлаар 11000 орчим бараа, үйлчилгээ жагсаалтанд хамрагдаад байна.

Хэлэлцээрийг 1957 онд байгуулж, 1967 онд Стокхолмд, 1977 онд Женевт хянан засварласан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.