Оюуны өмчийн үндсэн хоёр салбарын нэг болох зохиогчийн эрхийн талаархи ойлголт дэлхий нийтийн жишиг хандлагад нийцсэн утгаараа 1992 оноос эхлэн монголчуудын амьдралд нэвтэрч эхэлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдсантай холбоотой юм.

Үндсэн хуулийн “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн”, “Монгол Улсын иргэн соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтууд нь зохиогчийн эрхийн орчин үеийн тогтолцоо бий болох хөрс суурь болсон билээ. Одоо энэ тогтолцоо нь хууль тогтоомж /Үндсэн хууль, Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль, Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллах журам, Иргэний хууль, Эрүүгийн хууль зэрэг бусад  хууль/, олон улсын гэрээ /Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенци, ДОӨБ-ын Интернетийн гэрээнүүд/, хэрэгжүүлэгч байгууллагууд /Оюуны Өмчийн Газар, хамтын удирдлагын байгууллагууд/, зохиогч, уран бүтээлчид, хэрэглэгчид зэрэг олон бүрдэл хэсгээс тогтсон цогц зүйл болсон байна.

Ийнхүү Монгол Улсад зохиогчийн эрхийн тогтолцоо бүрэлдэн бий болж нийгэм, эдийн засаг, технологи, соёл урлагийн амьдралд зохих нөлөөгөө үзүүлж байгаа боловч анхааран үзэх олон асуудал гарч байгаагийн нэг нь мэдээллийн технологийн хөгжлийн зохиогчийн эрхэд нөлөөлж буй нөлөөлөл юм. Энэ нь үндсэндээ дэлхий даяараа анхаарал тавьж буй урт удаан хугацааны яриа хэлэлцүүлгийн сэдэв билээ.

Зохиогчийн эрхийн салбарт мэдээллийн технологийн хөгжилтэй холбогдон тулгарч буй асуудлуудыг олон жилийн турш Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон бусад олон улсын байгууллагууд, мөн үндэсний болон бүс нутгийн хэмжээнд авч хэлэлцсэнээр зарим нэг үр дүнд хүрээд байна. ДОӨБ-ын гишүүн 100 гаруй орон зөвшилцсөнөөр 1996 онд ДОӨБ-ын Зохиогчийн эрхийн гэрээ болон ДОӨБ-ын Тоглолт, дуу авиа бичлэгийн гэрээ байгуулагдсан юм. Интернетийн гэрээнүүд гэж нэрлэгддэг эдгээр гэрээ нь үндсэндээ зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг дэлхий даяар интернетээр түгээхтэй холбоотой асуудлыг зохицуулахад чиглэгдсэн байна. Эдгээр гэрээний агуулга үндсэн гурван хэсгээс тогтдог. Үүнд, оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах хэлэлцээр /TRIPS/ -ийн тодорхой зохицуулалтанд хамаарах асуудлууд (компьютерийн программ болон мэдээллийн баазыг зохиогчийн эрхийн хуулийн дагуу зохиогчийн эрхийн бүтээл гэж үзэж хамгаалах гэх мэт), зохиогчийн эрхийн нийтлэг зохицуулалтыг боловсронгуй болгосон заалтууд болон тоон технологийн нөлөөлөлд тусгайлан зориулагдсан зохицуулалтууд эдгээр болно.

Монгол Улс эдгээр гэрээнд нэгдэн орсноор өөрийн хуулийг гэрээнд нийцүүлэх шаардлагатай болсноор Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдсан билээ. Урьд нь үйлчилж байсан Зохиогчийн эрхийн тухай хуультай харьцуулбал нилээд зүйл заалт нэмэгдсэн бөгөөд үүний нэг нь интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах тухай зүйл юм. Энэ зүйлийн нэгд интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан веб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан.

Зохиогчийн эрхийн зөрчил гэдгийг зохиогчоос бүтээлдээ эдэлж буй эрхийг нь зөрчиж буй үйлдэл гэж ойлгож болох юм. Хуулинд зааснаар зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлдэг. Жишээ нь зохиогч бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх, нийтийн хүртээл болгох эрхтэй байдаг. Гэтэл веб сайтуудад бусдын бүтээлийг зохиогчийн нэрийг дурдахгүйгээр тавих, огт өөр нэр тавих нь түгээмэл байдаг. Энэ нь бичмэл бүтээл төдийгүй фото зураг, видео гэх мэт зохиогчийн эрхээр хамгаалагддаг бүх төрлийн бүтээлийг хамардаг.

Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа дараагийн түгээмэл зөрчил нь бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, янз бүрийн арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөх явдал юм. Аливаа бүтээлийг өөр хэлбэрт оруулахдаа заавал зохиогчоос зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд интернэтэд ямар нэг бүтээлийг нийтийн хүртээл болгож тавьсан нь түүнийг хэн дуртай нь татаж авч өөрийн дураар хувиргаж өөрчилж болно гэсэн хэрэг биш юм. Түүнчлэн зохиогч ямар нэг веб сайт дээр байгаа бүтээлээ оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан ч байж болно, эсвэл аваагүй ч байж болно. Аль ч тохиолдолд зохиогчоос уг бүтээлдээ эдлэх эрх нь хүчин төгөлдөр байдаг бөгөөд үүний хууль зүйн үндэслэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ. Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй. Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно” гэсэн заалтууд юм.

Зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэг гэдгийг зохиогчоос дээр дурдагдсан зохиогчийн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль зүйн болон техникийн боломжийг бий болгоно гэж ойлгож болох юм. Хууль зүйн боломж нь хуулийн тодорхой зүйл заалтыг нийтэд танилцуулах, зөрчвөл хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулсан байх, зохиогчийн нэр, холбоо барих хаяг зэргийг тодорхой тавих, тухайн веб сайтад бүтээлийг зохиогчийн зөвшөөрлөөр тавьсан гэдгийг нотлох зэргээр хэрэгжиж болно. Техникийн боломжоор хангах нь тухайн бүтээлийг татаж авах боломжгүйгээр тавих, таталтыг тооцох боломжтой байх зэрэг компьютерийн программ хангамж болон техник хангамжтай холбоотой шийдлүүдийг хамарсан өргөн ойлголт юм.

Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн веб хуудсыг хаах үүрэг хүлээдэг. Мэдээллийг хүлээн авах нөхцөл нь юуны өмнө веб сайт эзэмшигчийн нэр, хаяг тодорхой байхаас эхэлдэг. Зохиогчийн эрхийн зөрчил гарсан тухай мэдэгдсэн үед веб сайтыг хаахын тулд үйлчилгээний нөхцөл, үйлчлүүлэгчтэй хийх гэрээ зэрэг дээрээ энэ талаар тодорхой дурдсан байх шаардлагатай байдаг.

Дээр дурдагдсан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу хариуцлага ногдуулдаг бөгөөд энэ хариуцлага нь иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл иргэн, албан тушаалтныг долоогоос арван дөрөв хоногоор баривчлах шийтгэл байдаг. Энд дурдагдсан улсын байцаагч нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар томилогдсон Оюуны өмчийн улсын байцаагч болон ахлах байцаагч нар юм. Оюуны өмчийн улсын байцаагч нь 1999 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюуны өмчийн хяналтын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Мэдээлэлийн технологийн хөгжил, интернетийн өргөн цар хүрээ нь зохиогчийн эрхийн тогтолцоо, түүний үйл ажиллагаанд асар ихээр нөлөөлж байгаагийн зах зухаас дурдаж, тэдгээрийг хуулийн зохицуулалт талаас нь тайлбарлахыг хичээлээ. Өдөр тутам өөрчлөгдөн хувирч буй дижитал орчин нийгмийн амьдралыг маш их хурдтайгаар өөрчилж байгаа ч одоо үйлчилж буй хууль тогтоомжийн заалтууд аливаа тохиолдол бүрд нийцэж үйлчилж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь зохиогчийн эрхийн амин сүнс болсон зарчмууд болох зохиогч нь бүтээл туурвисан хувь хүн байна, зохиогч өөрийн бүтээлээ эзэмших эрхтэй, зохиогчийн эрх нь бүтээлээ туурвисан үеэс эхлэн үүснэ, бүтээлийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр ашиглана гэсэн зарчмууд нь байнга үйлчилж байдаг.

© Ц.Шинэбаяр 2010