Зохиогчийн эрхийн бүтээл болон хамаарах эрхийн бүтээл туурвиж, зохиогч гэсэн нэрээр нэрлэгдэх эрх нь зөвхөн хувь хүнд байдаг. Тиймээс ч Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулинд “зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг ойлгоно” гэж заасан байдаг.  Хувь хүн гэдгийг  “Байгууллагын зан үйл” номондоо профессор П.Увш, багш Б.Хэрлэн нар “Хувь хүний өвөрмөц байдал нь хүртэхүй, ой тогтоолт, анхаарал, сэтгэхүй гэх мэт сэтгэлзүйн хувийн шинж, түүний орчин тойрондоо хэрхэн хандаж, юунд дурлаж, юуг үзэн ядаж, юуг сонирхож, юунд хайхрамжгүй хандаж байгаа зэрэг нийгмийн харьцааны шинжээс харагдаж байдаг. Тэгэхээр хувь хүн гэдэг нь сэтгэлзүйн өвөрмөц байдал, зан төлвийн онцлог төрхтэй хүн юм” гэж тодорхойлсон байдаг. Тиймээс зохиогчийн эрхийг эдлэх боломжтой байж болох боловч төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компани зохиогч байх боломжгүй. Жишээлбэл нэг гишүүнтэй компанийн захирал өөрийн байгууллагын сүлд дууны үг аяыг өөрөө зохиож болох юм. Энэ тохиолдолд уг компани зохиогчийн эрхийг эдлэх боловч зохиогч гэж нэрлэгдэх боломжгүй. Зохиогч нь өөрийн сэтгэн бодох үйл ажиллагааний үр дүнд дууны үг, аяыг бий болгосон компанийн захирал албан тушаалтай, бизнесийн үйл ажиллагаа эрхлэдэг хувь хүн байна. Түүнчлэн хэлбэрийн хувьд зохиогчийн эрхийн бүтээл байж болох зүйлийг бий болгож чадах амьд амьтан, компьютер, робот мөн зохиогч байх боломжгүй. Учир нь хувь хүний оюуны бүтээлч үйл ажиллагаа буюу уураг тархинд явагдаж буй ухамсартайгаар сэтгэн бодох, түүнийгээ илэрхийлэх процессийн үр дүнд бий болсон зүйл буюу бүтээл нь зохиогчийн эрхийн бүтээл болох боломжтой.

© Ц.Шинэбаяр 2010