Зохиогчийн эрхийг балансад тусгах тухай

Сэтгэгдэл үлдээх

Зохиогчийн эрхийн бүтээлийг үнэлээд балансдаа тусгаж болно. Зохиогч бүтээлээ үнэлэх эрхтэй гэж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд байгаа. Тиймээс зохиогч нь өөрөө бүтээлээ үнэлэх, өөрөөр хэлбэр төдөн төгрөг болно гэж тогтоох эрхтэй. Гэхдээ энэ бол “бүтээлийн үнэлгээ”ний талаар ярьж байгааг анхаараарай. Жишээ нь ном гэхэд хэвлээд номын дэлгүүрт зарах үнэ бол тусдаа ойлголт. Номыг хэвлэх эрхийг зарах үнэ бол бүтээлийн үнэлгээ гэж ойлгож болно. Балансад тусгах үнэ бол энэ “ном хэвлэх эрхийг зарах үнэ” юм. Зохиогчийн эрхийн бүтээлийн үнэлгээг баталгаажуулдаг зохицуулалт бий. Үнэлгээ комиссийн ажиллах журам байдаг.
Балансад тусгахтай холбоотойгоор бүтээлийг үнэлэх гэсэн асуудал гарч ирж байгаа учраас энэ үнэлгээн дээр их анхаарах ёстой. Зохиогчийн эрхийн үнэлгээний арга зүй бий. Дор хаяж 3 төрлийн үнэлгээний арга бий. Ерөнхийдөө одоогийн үнээр тооцох, ирээдүйн үнээр тооцох, олох ашгаар нь тооцох гэх мэт.

Захиалгаар бүтээл туурвих, орчуулга хийх

1 Сэтгэгдэл

Захиалгаар бүтээл туурвихтай холбоотой заалтыг орчуулгын ажил захиалгаар гүйцэтгэхэд хэрэглэж болно. Орчуулга хийхэд юуны өмнө эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс нь албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Зөвшөөрөлгүй орчуулбал дараа нь асуудалд орж магадгүй. Ном, хэвлэлийн зохиогчийн эрх ихэнхдээ publishing company-д байдаг. Зохиогчид нь биш. Гэхдээ зохиогч нь өөрөө эрхээ эзэмших нь ч бий. Ямар ч гэсэн холбоо барьж ямар зорилгоор орчуулах гэж байгаа, тэрийгээ яаж ашиглах энэ тэр гэсэн ерөнхий байдлаа танилцуулаад зөвшөөрөл хүссэн нь дээр. Тэгээд төлбөртэй, эсвэл үнэ төлбөргүйгээр орчуулж ашиглах зөвшөөрөл авчих хэрэгтэй. Захиалагч нь өөрөө, эсвэл гүйцэтгэгч нь хэн нь байх нь хамаагүй, зөвшөөрөл авах нь чухал. Хэн нь зөвшөөрөл авах талаар захиалгаар ажил гүйцэтгэх гэрээндээ тусгаж болно. Орчуулга хийгдсэний дараа орчуулгийн бүтээлд бие даасан зохиогчийн эрх үүсдэг. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх гэсэн үг.

Нэг талаас захиалагч нь бүтээл захиалж хийлгэх, нөгөө талаас захиалга авч бүтээл туурвих нь их түгээмэл байдаг. Энд хэд хэдэн онцлог бий.
- Энэ хэлцлийн зүйл нь зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдох юу ч байж болно. Дуу, шүлэг, зураг, баримал, кино гэх мэт. Орчуулга гэх мэт үүсмэл бүтээлийг мөн захиалгаар бүтээж болно. Өмнө хэлсэнчлэн зөвшөөрлийг нь аваад шүү дээ.
- Ихэнх тохиолдолд захиалагч нь бүтээлийг өмчлөх эд хөрөнгийн эрхийг эзэмшдэг. Харин ямар ч тохиолдолд бүтээл өмчлөх амины эрх захиалагчид шилжихгүй. Амины эрх гэдэгт бүтээлдээ нэр өгөх, бүтээлийн зохиогч гэж тооцогдох, бүтээлийг нийтэд танилцуулах, тоглох, үзүүлэх үед нэрийг дурдах зэрэг эрх хамаардаг. Энэ амины эрх хэзээ ч шилждэггүй. Зүйрлэх юм бол хүүхэд өргөж авсан хүн би төрүүлсэн гэж хэлэх эрхгүй биздээ. төрүүлсэн эх нь л төрүүлсэн эх гэж тооцогдохтой адил юм даа. Бүтээл нь захиалгаар хийгдсэн, худалдагдсан, албан үүргийн дагуу хийгдсэн гээд ямар ч нөхцөл байдалд байлаа гээд зохиогчийн амины эрх хөндөгддөггүй.
Бүтээл ашиглахтай холбоотой зохиогчийн эрх харин гэрээний дагуу захиалагчид шилжих учиртай. Энэ нь бүтээлийг ашиглах, худалдах, үүсмэл бүтээл туурвих, түрээслэх гээд орлого олохтой холбоотой, эзэмшилдээ байлгахтай холбоотой эрх юм.
- Зохиогчийн эрхийн бүтээлийг захиалгаар туурвих нь захиалагч талаас тэрхүү бүтээлийг бий болгох, эзэмших, өмчлөх, ашиглах ашиг сонирхол болон санхүүгийн боломжид үндэслэгддэг. Харин тэрхүү сонирхогч этгээд нь өөрөө тэр бүтээлийг туурвих нөөц бололцоо, үүнд жишээлбэл авьяас, ур чадвар, мэдлэг, мэргэжил, дадлага, туршлага, боловсрол, сонирхол, мэдээллийн бааз, нэр хүнд, чанарын баталгаа гэх мэт зүйл байхгүй учраас гүйцэтгэгч буюу зохиогч, уран бүтээлчид хандаж байгаа хэрэг.
- Захиалгыг талууд аман байдлаар тохиролцож болох юм. Хоорондоо ярилцаад, үнэ хөлс, цаг хугацаа, бүтээлд тавигдах нөхцөл зэргээ итгэлцлийн үндсэн дээр тохирч болох талтай. Гэхдээ болж өгвөл цаасан дээр гэрээ хийсэн нь дээр. Ялангуяа бүтээлийн зохиогчийн эрхийн талаар тодорхой дурдахгүй бол дараа нь маргаан гараад байдаг тал бий.
- Гэрээг болж өгвөл загвар ашиглалгүй, гэрээний нөхцлүүдээ маш сайн тусгаад, дараа нь маргаан гарвал яах вэ гэдэг талаас нь сайн бодож хийвэл зүгээр. Иргэний хуульд заагдсан гэрээний ерөнхий нөхцлүүдийн хүрээнд хийгдэх ёстой.

Шинэ бүтээлийн улсын нөөцийн сан гэж юу вэ

1 Сэтгэгдэл

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Оюуны өмчийн газар эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно”, 18.-т “Энэ хуулийн 18.3-т заасан санг бүрдүүлж байгаа бүтээлийн патент эзэмших эрхийг Оюуны өмчийн газар патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эдэлнэ” гэжээ.

Эдгээр заалтаас үзвэл
1-рт энэ сан нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараас бүрдэх юм байна.
2-рт эдгээр нь эрхийн хамгаалалт хийгдсэн байх шаардлагтай
3-рт санг бүрдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахын тулд санд хамааруулах юм байна
4-рт бүтээлүүдийг санд хамааруулснаар эзэмших эрхийг нь ОӨГ эзэмшихээр байна.

Гэвч дараах асууудлууд ойлгомжгүй байна.
1-рт сан бүрдүүлэхтэй холбоотой журам боловсруулж мөрдүүлэх талаар ямар нэг заалт байхгүй байгаа.
2-рт ямар бүтээлийг ямар шалгуураар хэн санаачлан санд оруулах талаар тодорхой зүйл алга.
3-рт ОӨГ газар болон бүтээл эзэмшигч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой бус байна.

Санал?

Зохиогчийн эрхийн тухай анхны хууль батлагдахаас өмнө бүтээгдсэн утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээлүүдийн өмчлөлийн асуудалд

Сэтгэгдэл үлдээх

Монгол Улсын Үндсэн хуулинд оюуны өмч нь бүтээн туурвигчийнхаа өмч мөн болохыг, зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг болохыг тунхаглан зааж, энэ дагуу 1993 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдан, 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлдээ зохиогчийн эрх эдлэх, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломжтой болсон юм. Гэвч хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн нийт бүтээлүүдийн хувьд хэдийгээр дийлэнхи бүтээлүүд нь өнөөг хүртэл ашиглагдаж, нийтийн хүртээл болсоор байгаа боловч энэ хуулийн зохицуулалтанд хамрагдах боломжгүйн улмаас янз бүрийн хүндрэл бэрхшээл үүсч, зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх зарим асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.

Нэг талаас зохиогч нар нь бүтээлдээ зохиогчийн эрхээ эдлэх эрх зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр тухайн цаг үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын үүднээс авч үзвэл төр өмчлөх боломжтой боловч төрийн нэрийн өмнөөс эзэмших, ашиглах, захиран зарцуулах субьект тодорхойгүй зэргээс үүдэн нэгд, тэдгээр бүтээлүүд эзэнгүйдэж байгаа, хоёрт, тэдгээр бүтээлүүдийг дурын этгээд ямар нэг зөвшөөрөлгүйгээр ашиглан орлого олж, өөрчлөн засварлаж, өөр үүсмэл бүтээл туурвиж байгаа, гуравт, зохиогч нар өөрсдөө зохиогчийн эрхээ эзэмших хүсэлтэй байвч боломжгүй, дөрөвт, тодорхой бүтээлүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь энэ эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.

Мөн Монгол Улс Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцид элсэн орохоос өмнө гадаадын зохиол, бүтээлийг ямар нэг звөшөөрөлгүйгээр орчуулж байсан, мөн тэдгээр бүтээлд тулгуурлан өөр үүсмэл бүтээл туурвиж байсан бөгөөд одоо тэдгээр үүсмэл бүтээлийг ашиглахтай холбогдон эх бүтээлийн зохиогчийн эрх зөрчигдөх явдал гарч байна.

Эдгээр асуудлыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд дараах байдлаар шийдэж болох юм.

Үүнд, нэгдүгээрт, Одоогийн мөрдөгдөж буй Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн зохицуулалтанд 1993 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө бүтээгдсэн утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээлийг бүхэлд нь хамруулах талаар эрхийн акт батлан гаргаж болох юм.

Хоёрдугаарт, бүтээлийн онцлог тус бүрээр тусад нь зааж зохиогчийн эрхийг эзэмших талаар зохицуулалт хийж болох юм. Жишээлбэл:

- 1992 оны Үндсэн Хуулийн 7 дугаар зүйлд заагдсан “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, …”, 16 дугаар зүйлд заагдсан “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: … 8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. …”  гэсэн заалтыг баримтлан өөрийнхөө оюуны хөдөлмөрийн үр дүнгээр бүтээл туурвисан зохиогч нарт бүтээлийн эд хөрөнгийн онцгой эрхийг эдлүүлэхээр тусгаж эрх зүйн акт гаргах;

- Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан, хэрэглэж байгаа болон төрийн өмчлөлийн сан хөмрөгт тусгайлан авсан бүтээлүүдийн хувьд тухайн төрийн байгууллага, сан хөмрөгийн мэдэлд хэвээр үлдээхээр тусгаж шийдвэрлэх

- Төрийн мэдлийн сан хөмрөг, музей, галерей, архивын сан хөмрөгт авсан бүтээлийн зохиогчийн эрхийг уг байгууллага эдлэхээр тусгах,

- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн өмчийн их, дээд сургууль болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байсан бусад байгууллагууд дээр хийгдсэн эрдэм шинжилгээний ажилд холбогдох бүтээлүүдийн зохиогчийн эрхийг тухайн байгууллага эдлэх,

- Уран барилга, уран баримлын хувьд тухайн бүтээлүүдийн оршин байгаа газартайгаа салшгүй холбогдсон байдал зэргээс нь шалтгаалан орон нутгийн засаг захиргаанд нь эрхийг эдлүүлэхээр тусгах;

- Тодорхой тооны бүтээлүүдээс бүрдсэн эмхтгэл бүтээл, бүтээлийн бичлэг, тоглолтын зохиогчийн эрхийн хувьд эх бүтээлийн зохиогчийн эрхээс тусдаа ойлголт учир эмхтгэгч, бичлэг үйлдвэрлэгч болон тоглолт зохион байгуулагч нарт нь эрх эдлүүлэхээр тусгах;

- Шуудангийн маркны хувьд шуудангийн гүйлгээнд хэрэглэгдэж байсан буюу хэрэглэгдэж байгаа төлбөрийн хэрэгслийнх нь хувьд тухайн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны байгууллагад зохиогчийн эрхийг эзэмшихээр тусгах;

- Урлагийн байгууллагын урын санд байгаа тоглолтын зохиогчийн эрхийг уг байгууллага эзэмшихээр тогтоох,

- Дуу авианы бүтээлийн бичлэгийн зохиогчийн эрхийг тухайн бичлэгийн эх хувийг эзэмшиж байгаа этгээд эзэмшихээр тогтоох,

- Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийг тухайн байгууллага эзэмшихээр тогтоох,

            – Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенцийн гишүүн орнуудын хувьд зохиогчийн эрхийн бүтээл гэж тооцогдох бүтээлийг энэ Конвенцид Монгол Улс нэгдэн орохоос өмнө буюу 1998 оны 3 дугаар сарын 12- ны өдрийг хүртэлхи хугацаанд зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүйгээр орчуулсан, бусад хэлбэрээр үүсмэл бүтээл туурвисан бөгөөд орчуулагч, үүсмэл бүтээл туурвигч болон бусад этгээд уг орчуулга болон үүсмэл бүтээлийг ашиг олох зорилгоор ашиглах, нийтийн хүртээл болгох бол урьд нь нийтийн хүртээл болгосон эсэхээс үл хамааран эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авч байхаар тогтоох;

            Гуравдугаарт, 1993 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө бүтээгдсэн нийт шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлүүдийг төрийн өмчлөлд байлгаж, төрийн нэрийн өмнөөс тухайн асуудлыг хариуцдаг субьект эзэмших зохицуулалт байж болох юм.           

            Зохиогчийн эрхийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө бүтээгдсэн бүтээлүүдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагууд, энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын санал бодол зайлшгүй чухал байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Жич: хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлээ нийтэллээ. Өнөө хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна.

Бернийн конвенцийн гишүүн орнууд

Сэтгэгдэл үлдээх

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 2010.06.10-ны өдөр батлагдсан шинэчилсэн найруулга дахь оюуны өмчид шууд холбогдох заалт

Сэтгэгдэл үлдээх

… 19.2. Шинэ эмийн патент олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

22.1. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

… 22.7. Дараахь тохиолдолд эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэхгүй:

… 22.7.4. оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар худалдааны гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, түүнийг орлуулах этгээд байхгүй эм;

… 27.4. Эмийн зар сурталчилгаанд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно:

… 27.4.5. эмийг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхтэй, үр дүн нь бусдаас илүү, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх;

Патентын уян хатан зохицуулалтын тухай

Сэтгэгдэл үлдээх

           Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Тайландын Оюуны өмчийн газар /Department of Intellectual Property of Thailand/-аас хамтран 2011 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Бангкок хотноо “Патентын уян хатан зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон хэрэглэх нь” сэдэвт семинар зохион байгуулав.

            Семинарийн үеэр дараах асуудлуудыг хэлэлцлээ.

-       Патентын болон хөгжлийн  асуудлын хүрээнд ДОӨБ-аас үзүүлж буй эрх зүйн болон техникийн туслалцаа

-       Патентын эрх зүйн олон талт зохицуулалтын хүрээ ба олон улсын агенда

-       Эрх зүйн олон талт зохицуулалтын хүрээн дэхь патентын уян хатан зохицуулалт ба тэдгээрийн үндэсний болон бүсийн хэмжээн дэхь эрх зүйн хэрэгжилт

-       Азийн бүс нутаг дахь патентын уян хатан зохицуулалтыг үр дүнтэй хэрэглэж байгаа байдал болон тулгарч буй үндсэн бэрхшээлүүдийн талаархи тойм

-       Патентлагдах боломжтой зүйлийн тодорхойлолтонд хамаарах уян хатан байдлын зохицуулалт

-       Албадан лиценз

-       Эмийн үйлдвэрлэлийн хэтийн төлөв

-       Эрхийн үйлчлэл дуусгавар болох /Exhaustion of rights/, үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн бодит үр дагавар

-       Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой /Research/ болон захиргааны журмын зохицуулалттай холбоотой /Regulatory Review/ онцгой тохиолдол /Exception/, хэрэгжүүлэхэд тулгарч буй үндсэн бэрхшээлүүд

 Семинарт Бангладеш, Бутан, Кампучи, Хятад, Индонези, Иран, Лаос, Малайз, Монгол, Балба, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Филиппин, Сингапур, Шри Ланк, Вьетнам зэрэг улсуудаас оролцсон ба ДОӨБ, Сингапур, Тайланд, Филиппин, Японы илтгэгчид дээр дурдсан сэдвүүдээр илтгэл тавилаа. Оролцогч улсууд мөн тухайн улсынхаа нөхцөл байдлын богино илтгэл тависан болно. Монгол Улсын хувьд “Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой болон захиргааны журмын зохицуулалттай холбоотой онцгой тохиолдлуудыг хэрэглэх үеийн үндсэн бэрхшээл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Захиргааны журмын зохицуулалттай холбоотой зүйл манай хууль тогтоомжинд байхгүй байсан учраас зөвхөн судалгааны ажилтай холбоотой онцгой тохиолдлыг хэрэглэхэд гарч буй хүндрэлийн талаар дурдсан.

 Патентын уян хатан байдлын талаархи ерөнхий ойлголт

 Патентын уян хатан байдал гэдгийг дараах байдлаар тодорхойлж байна. “Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнууд ТРИПС хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ ашиглаж болох эрх, хамгаалалт болон боломжуудын хүрээ” гэж нэг янзаар тодорхойлсон байна. Зарим тохиолдолд ТРИПС хэлэлцээрийн патенттай холбоотой уян хатан байдлыг зөвхөн эрүүл мэндийн салбарт хамаатуулан тайлбарладаг байна.

Уян хатан байдал гэдгийг ДОӨБ-ын чуулгын хурлын материалд “ТРИПС хэлэлцээрээр хүлээсэн үүргийг үндэсний хууль тогтоомжид тусгахдаа үндэсний ашиг сонирхлыг хангаж, хэлэлцээрийн зохицуулалтууд болон зарчмуудыг тэдгээртэй нийцүүлэх янз бүрийн боломжууд” гэж тодорхойлсон байна.

Патентын уян хатан зохицуулалтыг дараах байдлаар ангилан үзэж байна.

 -       Эрх олж авах үйл ажиллагааны хүрээнд

-       Эрхийн хамгаалалтын хүрээнд

-       Эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд

Хэлбэрийн хувьд албадан лиценз ба төрийн ашиглалт, эрдэм шинжилгээ, эрх дуусгавар болох, параллел импорт, судалгааны ажилтай холбоотой онцгой тохиолдол, захиргааны журмын холбогдолтой онцгой тохиолдол, ашигтай загвар гэж ангилж байна. Ашигтай загвар, генетикийн материалтай холбоотой зохицуулалт болон уламжлалт мэдлэг нь ТРИПС хэлэлцээрийн зохицуулалтанд хамаарахгүй боловч улс орнууд үндэсний хууль тогтоомжинд тусгаж болох уян хатан зохицуулалтанд тооцогддог байна.

Олон улсын гэрээ, хэлэлцээрийн тойм

Сэтгэгдэл үлдээх

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн тойм

Энэ конвенцийн зорилго нь өргөн утгаараа аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтанд чиглэгдсэн бөгөөд аж үйлдвэрийн өмчид патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, үйлчилгээний тэмдэг, худалдааны тэмдгүүд, газар зүйн заалт, шударга бус өрсөлдөөнийг хориглох үйл ажиллагаа багтдаг. Конвенцийн үндсэн заалтууд нь үндэсний горим, анхдагчийн эрх болон нийтлэг журмууд гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагддаг.

Үндэсний горимтой холбоотой зохицуулалтууд нь аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтын хувьд гишүүн улс бүр конвенцийн гишүүн бусад улсын иргэдэд өөрийн улсын иргэнд эдлүүлдэг эрхийн хамгаалалтыг адил байдлаар эдлүүлдэг байхад чиглэгддэг.

Парисын конвенц нь 1883 онд байгуулагдсан. 1900 онд Брюсселд, 1911 онд Вашингтонд, 1925 онд Гаагад, 1934 онд Лондонд, 1958 онд Лиссабонд, 1967 онд Стокхолмд хянан засварласан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарнагийн хэлэлцээрийн тойм

Энэ хэлэлцээр нь бүтээгдэхүүний загварын ангиллыг тогтоосон бөгөөд нэгдэн орсон орнуудын тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь бүтээгдэхүүний загварыг хадгалж буйгаа эсвэл бүртгэснээ нотолж буй албан ёсны бичиг баримт дээр тухайн бүтээгдэхүүний загварын хамаарагдаж буй ангилалын дугаарыг заавал зааж өгөх шаардлагатай байдаг.

Локарногийн ангилал нь 32 анги болон 219 дэд анги, түүнчлэн тухайн анги, дэд ангиудад хамаардаг барааны нэрсийн жагсаалтаас бүрддэг. Барааны нэрсийн жагсаалт нь цагаан толгойн үсгийн дарааллаар байдаг ба 2009 оны байдлаар энэ жагсаалтанд 7024 бараа хамрагджээ.

Энэ хэлэлцээр нь 1968 онд байгуулагдсан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт орсон.

Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн тойм

Энэ хэлэлцээр нь барааны тэмдэг болон үйлчилгээний тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний ангилалыг тогтоосон бөгөөд нэгдэн орсон орнуудын тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь барааны тэмдгийг бүртгэснээ нотолж буй албан ёсны бичиг баримт дээр тухайн барааны тэмдгийн хамаарагдаж буй ангилалын дугаарыг заавал зааж өгөх шаардлагатай байдаг.

Ангилал нь барааны 34, үйлчилгээний 11 ангилал болон бараа, үйлчилгээний жагсаалтаас бүрддэг. 2009 оны байдлаар 11000 орчим бараа, үйлчилгээ жагсаалтанд хамрагдаад байна.

Хэлэлцээрийг 1957 онд байгуулж, 1967 онд Стокхолмд, 1977 онд Женевт хянан засварласан ба 1979 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журмын төсөл

1 Сэтгэгдэл

Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журам

 

  1. 1.    Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагааны журмыг тогтооход оршино.

1.2. Энэ журмыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, гаргасан мэдүүлэгт оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүрдлийн хяналт хийх, анхдагч огноо тогтоох, шүүлт хийх, бүртгэх, хэвлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд мөрдөнө.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.   “Журам” гэдэгт “Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журам”-ийг,

1.3.2.   “Хууль” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийг,

1.3.3.    “Барааны тэмдэг” гэдэгт Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан илэрхийллийг,

1.3.4.   “Барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг,

1.3.5.   “Бүртгэлийн мэргэжилтэн” гэдэгт

1.3.6.   “Шинжээч” гэдэгт

1.3.7.   “Мэдүүлэг” гэдэгт

1.3.8.   “Гэрчилгээ” гэдэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан баримт бичгийг,

1.3.9.    

 

  1. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

2.1. Мэдүүлэг гаргагч нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд байна. Хэрэв мэдүүлэг гаргагч нь Монгол Улсад албан ёсны хаяггүй, тус улсын нутаг дэвсгэрт бодитоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй гадаадын иргэн, хуулийн этгээд байвал мэдүүлгээ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана.

2.2. Мэдүүлэг нь хуулийн 6.4.1-т заасны дагуу Журмын хавсралт болгон баталсан БТ-01 маягтын дагуу гаргасан өргөдөл болон хуулийн 6.4-т заасан бусад зүйлүүдээс бүрдэнэ.

2.3. Мэдүүлгийн бичвэрийн хэсгийг Arial font, 12 хэмжээгээр бичнэ. Хэрэв мэдүүлж байгаа тэмдэг нь үгэн тэмдэг байвал Arial font-оор, 12 –оос доошгүй хэмжээгээр бичнэ.

2.4. Хуулийн 5.1.1-д заагдсан “ялгагдах шинж чанар агуулаагүй үсэг, тоо” гэдэгт ямар нэг график гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоог; “үл ялгагдах шинж чанар агуулаагүй геометрийн энгийн дүрс” гэдэгт ямар нэгэн зохиомж үүсгээгүй энгийн зураас, геометрийн энгийн  дүрсийг; “нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо” гэдэгт шинжлэх ухаан, техникийн аливаа салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёо эсхүл тухайн тэмдгийг хэрэглэх бараа үйлчилгээний жагсаалтад байгаа бараа, үйлчилгээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томъёог, мөн хэрэглээний явцад тухайн бараа болон түүнтэй нэг төрлийн бараа бүтээгдэхүүний ерөнхий нэр (generic name) болсон үгийг ойлгоно.

2.5. Хуулийн 5.1.2-д заагдсан “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэдэгт тухайн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрөл, эсхүл шинж чанарыг заасан үг, тухайн бараанд хамаарах магтаалын шинж чанартай үгс, тухайн бүтээгдэхүүний найрлага, орц зэргийг тодорхойлсон үг, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг, хэрэглэх арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрсийг ойлгоно.

2.6. Хуулийн 5.1.3-т заагдсан “тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс” гэдэгт тухайн барааны бодит, тойм, эсхүл гурван хэмжээст дүрслэл, ялгагдах шинж чанаргүй ердийн сав, баглаа боодлын дүрсийг ойлгоно.

2.7. Хуулийн 5.1.4-т заагдсан “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл” гэдэгт “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлогдсон зүйлийг ойлгоно.

2.8. Хуулийн 5.1.5-д заагдсан “Монгол Улсын түүхэн хүмүүс” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон түүхэн хүмүүс гэж ойлгоно.

2.9. Хуулийн 5.2.2-т заагдсан “Монгол Улсын нэрд гарсан хүн” гэдгийг хуулийн 5.4-т заагдсан журмын дагуу тодорхойлогдсон “нэрд гарсан  хүн” гэж ойлгоно.

2.10.             Хуулийн 5.2.5-д заагдсан “бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэдгийг тухайн бүтээгдэхүүний чанар, түүнийг үйлдвэрлэгч эсхүл түүний гарал үүслийн хувьд хэрэглэглэгчдэд бодит байдлаас өөр төсөөлөл төрүүлэхүйц илэрхийллийг ойлгоно.

2.11.             Мэдүүлэгт тухайн тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг ( үгэн, эзлэхүүнт, дүү авиа г.м.) зааж, дүрсээр илэрхийлэгдсэн тэмдгийн хувьд БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт тухайн тэмдэг эсхүл түүний бүрдэл хэсэг нь ямар дүрс агуулж байгаа болон шаардлагатай тохиолдолд ямар утга агуулж байгаа болохыг үгээр тайлбарлан бичнэ.

2.12.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь дуу авиагаар илэрхийлэгдэж байгаа бол мэдүүлэгт бичлэгийг хавсаргаж, БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлаж бичих эсхүл хөгжмийн нотоор илэрхийлэх эсхүл түүний сонограмыг хавсаргана.

2.13.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь өнгөөр илэрхийлэгдэж байгаа бол эсхүл тухайн тэмдгийг өнгөтөөр нь бүртгүүлэх хүсэлтэй бол өнгийн тайлбарыг бичнэ.

2.14.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь гурван хэмжээст дүрс байвал түүний ерөнхий байдлын зургийг хавсаргах бөгөөд үүнээс гадна тухайн тэмдгийн талаар хангалттай мэдээлэл өгөхүйц хоёр ба түүнээс дээш талаас нь харуулсан зургийг хавсаргана.

2.15.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь үнэрээр илэрхийлэгдэж байгаа бол БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт түүнийг үгээр тайлбарлаж бичих эсхүл түүний химийн томъёог бичнэ.

2.16.             Хэрэв бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг нь хөдөлгөөнт тэмдэг байвал БТ-01 маягтын 6.2 дахь хэсэгт үгээр тайлбарлан бичиж, түүний бичлэгийг хавсаргана

  1. Мэдүүлгийн бүрдлийг хянах

3.1. Мэдүүлгийг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт бүртгэлийн дугаар (БД)  олгож, энэ тухай батлагдсан загварын дагуу мэдүүлэг дээр тэмдэглэл үйлдэнэ. Мэдүүлгийг хүлээн авч, бүртгэлийн дугаар олгосон тухай батлагдсан маягтын дагуу мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

3.2. Мэдүүлгийн бүрдлийн хяналтыг мэдүүлэг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.1-д заасан хугацаанд, хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5-д заасан шалгуураар хянана.

3.3. Мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэгт мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар (МУБД) олгож, энэ тухай  БТ-01 маягтын зохих зайнд тэмдэглэл үйлдэнэ.

3.4. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.2-д заасан мэдэгдлийг  батлагдсан маягт ашиглан үйлдэх ба түүнийг шуудангаар явуулах буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.5. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар  зүйлийн 7.3-д зааса мэдэгдлийг батлагдсан маягт ашиглан үйлдэх ба түүнийг шуудангаар явуулах буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.6. Мэдүүлэг гаргагч хуулийн 7.3-д заасны дагуу зохих засварыг хийж заасан хугацаанд бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлнэ. Шуудангаар явуулах тохиолдолд заасан хугацааны дотор шуудангийн байгууллагад өгнө.

3.7. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.4-д зааснаар мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээж авснаар тогтоосон бол журмын 3.4-д заасан үйл ажиллагаа явуулж, огноог БТ-01 маягтын зохих зайнд бичнэ.

3.8. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан мэдэгдлийг батлагдсан маягт ашиглан үйлдэх ба шуудангаар илгээх буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.9. Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасан мэдэгдлийг маягт ашиглах үйлдэх ба шуудангаар илгээх буюу мэдүүлэг гаргагчид гардуулан өгнө.

3.10.             Бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцвол энэ тухай батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэж, материалыг санд шилжүүлнэ.

3.11.             Хуулийн 7.5-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч журмын 3.5-д заасны дагуу шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, журмын 3.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.

3.12.             Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргах зүйлээ бүртгэлийн мэргэжилтэнд ирүүлэх ба бүртгэлийн мэргэжилтэн тухайн материалыг хангалттай гэж үзвэл энэ талаар батлагдсан маягтын дагуу тэмдэглэл үйлдэж үндсэн материалд хавсаргана. Мэдүүлэг гаргагч биеэр хүргэж ирэх буюу шуудангаар ирүүлж болно.

3.13.             Шинжээч хуулийн  7.7-д заасан мэдэгдлийг батлагдсан маягтыг ашиглан үйлдэх ба түүнийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.

3.14.             Мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасан хугацаанд мэдүүлэгт хавсаргах зүйлээ ирүүлсэн боловч зарим зүйл нь дутуу байвал хуулийн 7.7-д зааснаар хугацаанд нь ирүүлээгүйд тооцож журмын 3.11-д заасан үйл ажиллагааг явуулна.

3.15.             Хуулийн 7.7-д зааснаар тооцогдсон мэдүүлгийн мэдүүлэг гаргагч хуулийн 7.6-д заасны дагуу ирүүлэхээр шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд бүртгэлийн мэргэжилтэн хуулийн 7.6-д заасны дагуу хугацаанд нь ирүүлсэнд тооцож, журмын 3.12-д заасны дагуу үйл ажиллагаа явуулна.

3.16.             Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлгийг барааны тэмдгийн шинжээчид шилжүүлж, энэ тухай тэмдэглэлийг батлагдсан загварын дагуу үйлдэнэ.

  1. Мэдүүлэгт шүүлт хийх

4.1. Хуулийн 8.1-д заагдсан шүүлтийг барааны тэмдгийн шинжээч хийж, дүгнэлт гаргана.

4.2. Хуулийн 8.2-д заасны дагуу шүүлт хийх хугацааг сунгах шаардлагатай эсэх талаaрхи саналыг мэдүүлэгт шүүлт хийж буй шинжээч гаргаж хариуцсан хэлтсийн даргад танилцуулах ба хэлтсийн дарга санал үндэслэлтэй гэж үзвэл шинжээч батлагдсан маягтын дагуу 2 хувь тэмдэглэл үйлдэж, 1 хувийг мэдүүлэг гаргагчид гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ.

4.3. Хуулийн 8.3-д заагдсан дүгнэлт гаргасан шинжээч батлагдсан маягтанд энэ тухай тэмдэглэл үйлдэж, материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ. Цаашдын үйл ажиллагаа журмын 5 дугаар бүлэгт заагдсанаар явагдана.

4.4. Хуулийн 8.4-д заагдсан дүгнэлт болон урьдчилсан шийдвэрийг гаргасан шинжээч энэ тухай батлагдсан маягтын дагуу 2 хувь тэмдэглэл үйлдэж бүртгэлийн мэргэжилтэнд өгнө. Бүртгэлийн мэргэжилтэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай урьдчилсан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

4.5. Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч бүртгэлийн мэргэжилтэнд бичгээр ирүүлнэ. Хэрэв шуудангаар илгээсэн бол хуулийн 8.5-д заасан хугацаанд шуудангийн байгууллагад гардуулан өгснийг заасан хугацаанд ирүүлсэнд тооцно.

4.6. Хуулийн 8.5-д заасан хариуг мэдүүлэг гаргагч шуудангаар явуулсан бөгөөд шуудангийн байгууллага дээр саатсан байвал, ийнхүү саатсаныг шуудангийн байгууллага нотолсон тохиолдолд хугацаанд нь ирүүлсэнд тооцно.

4.7. Хуулийн 8.6-д заасан хариуг хүлээн авсан бүртгэлийн мэргэжилтэн урьдчилсан дүгнэлт гаргасан шинжээчид шилжүүлнэ. Хүлээн авсан шинжээч уг заалтанд заасан хугацаанд эцсийн шийдвэр гаргаж, материалын хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ. Барааны тэмдгийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол цаашдын үйл ажиллагаа журмын 5 дугаар бүлэгт дурдсаны дагуу явагдана. Бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан бол бүртгэлийн мэргэжилтэн энэ тухай мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид бичгээр явуулна.

4.8. Хуулийн 8.7-д дурдсан мэдэгдлийг бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэг гаргагчид явуулна.

4.9. Хуулийн 8.8-д заагдсан мэдүүлэгт оруулах өөрчлөлтийн талаархи хүсэлтийг мэдүүлэг гаргагч бичгээр гаргана. Хүсэлтийг бүртгэлийн мэргэжилтэн хүлээн авч, барааны тэмдгийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсний дараа шүүлт хийж буй шинжээчэд шилжүүлнэ.

4.10.             Хуулийн 8.9-д заагдсанаар мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн мэдүүлгийг салгах бол салгаж буй ангиллыг заасан мэдүүлгийг шинээр гаргана. Ийнхүү шинээр гаргаж буй мэдүүлгийн анхдагч огноо нь өмнө гаргасан мэдүүлгийн анхдагч огноогоор тогтоогдоно. Ангиллыг салгасан шинэ мэдүүлэг гаргах, түүнийг хянах үйл ажиллагаа ердийн байдлаар явагдана.

  1. Барааны тэмдгийг бүртгэх

5.1. Бүртгэлийн мэргэжилтэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр буюу тушаалын төсөл, хавсралтын төслийг бэлтгэж, бичигдсэн гэрчилгээний хамт эрхэлсэн сайдын ажлын албанд хүргүүлнэ.

5.2. Бүртгэлийн мэргэжилтэн эрхэлсэн сайдын ажлын албанаас тушаал болон бичигдсэн гэрчилгээг хүлээн авч, тушаалын дугаарыг гэрчилгээн дээр бичнэ.

5.3. Төлбөр төлсөн баримтыг мэдүүлэг гаргагчаас авсны дараа гэрчилгээг гардуулан өгөх буюу шуудангаар илгээж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, мэдүүлэг гаргагчаар гарын үсэг зуруулна.

5.4. Хуулийн 9.5-д заагдсан ном зүй нь ДОӨБ-ын стандарт ST60-ын дагуу барааны тэмдгийн ном  зүйн мэдээллийг ижилтгэх олон улсын код бүхий улсын бүртгэлийн дугаар; мэдүүлгийн дугаар; бүртгэл хүчинтэй байх огноо; анхдагч огноо; бүртгэлийн хүчинтэй байх хугацаа; давамгайлах огноо; давамгайлах огноо авсан улсын код болон дугаар; эзэмшигчийн нэр, хаяг; итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг; хамгаалалтанд хамрагдаагүй үг, дүрс; барааны тэмдгийн дүрсийн ангилал; бүртгэгдсэн барааны тэмдэг, түүнд хамаарах бараа, үйлчилгээний жагсаалтаас бүрдэнэ.

5.5. Нийтэд мэдээлэх

  1. Барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах

6.1. Хуулийн 9.3-д заасан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг барааны тэмдэг эзэмшигч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт  БТ-     -ын дагуу, хуулийн 10.2-д заасан хугацаа /бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор/ -ны дотор бичгээр гаргана. Хүсэлтэнд хуулийн 9.4-т заасны дагуу төлсөн тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хураамжийн баримтыг хавсаргана. Бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээ бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор хүсэлт гаргах үед хураах хураамжийн хэмжээнээс өөрчлөгдөхгүй.

6.2. Хуулийн 9.3-т заасан хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн 10.2-т заасан хугацаанд барааны тэмдгийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллага хүлээн аваагүй бөгөөд эзэмшигч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурдсан хугацаанд багтаан хүсэлтийг шуудангаар илгээснээ нотолж чадвал хүсэлтийг хугацаанд нь багтаан гаргасанд тооцно.

6.3. Бүртгэлийн мэргэжилтэн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн аваад ажлын 2 өдрийн дотор бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Ирүүлсэн хүсэлтийн бүрдэл хангагдаагүй бол энэ тухай хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэж засуулах арга хэмжээ авна. Хүсэлт гаргагч холбогдох засварыг хүсэлт гаргаж ирүүлэх боломжтой нийт хугацаа буюу хуулийн 10.2-т заасан хугацааны дотор гаргаж ирүүлээгүй бол хүсэлт гаргаагүйд тооцож журмын 5.7-д заасны дагуу шийдвэрлэнэ.

6.4. Хуулийн 10.2-т заасан хугацаа дууссан тохиолдолд тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцож, бүртгэлийн мэргэжилтэн энэ тухай барааны тэмдгийн улсын бүртгэлд тэмдэглэл үйлдэнэ. Ийнхүү барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсон тухай эзэмшигчид нь мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Тухайн барааны тэмдэгт холбогдох цаасан материалыг хүчинтэй барааны тэмдгийн сангаас хасч хүчингүйд тооцогдсон барааны тэмдгийн санд шилжүүлнэ.

  1. Барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаяг өөрчлөгдөх үед улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

7.1. Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэхдээ энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-   -ийг бөглөж ирүүлнэ. Хүсэлтэнд барааны тэмдгийн гэрчилгээг хавсаргана.

7.2. Бүртгэлийн мэргэжилтэн мэдэгдлийг хүлээн авч, бүрдлийг хянаад, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

7.3. Бүртгэлийн мэргэжилтэн бүрдлийг хянаж үзэх үед засвар оруулах шаардлагатай бол хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэх ба холбогдох засварыг хийж ирүүлсэн нь шаардлага хангаж байвал бүртгэлд өөрчлөлт оруулна.

  1. 8.    Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх үед улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

8.1. Хуулийн 10.4-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягт БТ-    -ийн дагуу гаргана. Энэхүү маягт нь хүсэлт болох ба барааны тэмдгийн гэрчилгээг хавсаргасан байна.

8.2. Хүсэлтэнд дараах зүйлүүдийг зааж өгнө.

8.2.1.   эзэмшигчийн нэр, хаяг;

8.2.2.   шинэ эзэмшигчийн нэр, хаяг;

8.2.3.   шинэ эзэмшигч нь аль нэг улсын иргэн бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсад оршин суудаг бол тухайн улсын нэр, шинэ эзэмшигч нь аль нэг улсын нутаг дэвсгэрт бодитойгоор, хууль ёсны үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бол тухай улсын нэр,

8.2.4.   шинэ эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний эрх зүйн байдал, улсын нэр,

8.2.5.   эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,

8.2.6.   эзэмшигчийн харилцах хаяг,

8.2.7.   шинэ эзэмшигч нь төлөөлөгчтэй бол түүний нэр, хаяг,

8.2.8.   шинэ эзэмшигчийн харилцах хаяг.

8.3. Хүсэлт гаргагч нь хураамж төлсөн баримтыг хүсэлтэнд хавсаргана.

8.4. Гэрээ байгуулсны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай зааж өгөх ба маягтын холбогдох хэсгийг бөглөнө.

8.5. Нэгдсэний улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэнд энэ тухай заах ба эрх бүхий байгууллагаас олгож нэгдсэнийг нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ нь бүртгэлийн байгууллагын лавлагааны хуулбар байж болох бөгөөд энэ хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг тухайн баримт бичгийг олгосон байгууллага эсхүл нотариат, төрийн эрх бүхий бусад байгууллагаар гэрчлүүлсэн байна.

8.6. Бүх хамтран эзэмшигч биш нэг буюу хэд хэдэн хамтран эзэмшигч нь өөрчлөгдөх, энэ өөрчлөлт нь гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас үүсч байвал өөрчлөлтөнд хамрагдаагүй хамтран эзэмшигчээс ийм өөрчлөлт орохыг тусгайлан зөвшөөрч гарын үсэг зурсан баримт бичгийг хүсэлтэнд хавсаргана.

8.7. Гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас бус хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэрийн улмаас эзэмшигч өөрчлөгдвөл хүсэлтэнд энэ тухай заах ба энэ өөрчлөлтийг нотолсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ хуулбар нь эх баримт бичгийн хуулбар мөн болохыг тухайн баримт бичгийг олгосон байгууллага эсхүл нотариат, төрийн эрх бүхий бусад байгууллагаар гэрчлүүлсэн байна.

8.8. Эзэмшигчийн өөрчлөлт нь хэд хэдэн барааны тэмдгийн бүртгэлд хамаарч байгаа ч бүртгэл бүрийн хувьд эзэмшигч болон шинэ эзэмшигч нь ижил бол холбогдох бүртгэлийн дугааруудыг бүгдийг заасан тохиолдолд нэг хүсэлт гаргаж болно.

8.9. Хүсэлт эсвэл хавсаргасан баримт бичигт агуулагдсан аливаа заалтын үнэн зөв эсэхийн хувьд эргэлзэх үндэслэл байвал нэмэлт нотолгоо гаргаж өгөхийг хүсэлт гаргагчаас бүртгэлийн мэргэжилтэн шаардаж болно.

  1. Бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх үед барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

9.1. Хуулийн Бараа, үйлчилгээний

10. Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх

10.1.              

11. Барааны тэмдгийн гэрчилгээг дахин олгох

 

 

 

 

Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын төсөл

1 Сэтгэгдэл

Төсөл

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Оюуны өмчийн Газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс /цаашид Комисс гэх/-оос Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дүгээр зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.3 дахь заалтуудаар харъяалуулсан маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх, Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.12, Барааны тэмдэг,газарзүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д заагдсан чиг үүрэг буюу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр, барааны тэмдэг, газарзүйн заалтын үнэлгээг эзэмшигч, хэрэглэгчийн хүсэлтээр баталгаажуулах, зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Комиссын бүрэлдэхүүнийг Оюуны Өмчийн газрын дарга тогтооно.

1.3. Комисс нь үйл ажиллагаандаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.

1.4. Комисс маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиудын холбогдох заалтуудыг удирдлага болгоно.

Хоёр. Маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх

2.1. Комисс дараахь үндэслэлээр маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж болно.

2.1.1. Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан маргаан,

2.1.2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.3-д заагдсан гомдол, хүсэлт.

2.2. Гомдол, хүсэлт, өргөдлийг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол, хүсэлт, өргөдөл гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

2.3. Гомдол, хүсэлт, өргөдөл

2.3.1. Гомдол, хүсэлт, өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар.

2.3.2. Холбогдох этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар.

2.3.3. Гомдол, хүсэлт, өргөдлийн үндэслэл, түүнийг нотлох баримт.

2.3.4. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэргийг тусгасан байна.

2.4. Гомдол, хүсэлт, өргөдөлд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

2.5. Гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Оюуны өмчийн газрын дарга маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргана. Маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх шийдвэрээр мөн Комиссын бүрэлдхүүнийг тогтооно. Бүрэлдэхүүнд тухайн маргаантай холбоотой үйл ажиллагаанд урьд оролцсон шинжээч, мэргэжилтнийг оролцуулахгүй.

2.6. Нотлох баримт бүрдүүлэх болон бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хугацааг сэргээж ажиллагааг үргэлжлүүлнэ. Ийнхүү түдгэлзүүлэх болон ажиллагааг сэргээх шийдвэрийг Оюуны өмчийн газрын дарга гаргана.

2.7. Шаардлагатай бол өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох этгээдэд танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримт үйлдэнэ.

2.8. Хуулиар харъяалуулаагүй, Оюуны өмчийн газрын чиг үүрэгт холбоогүй асуудлаар гомдол, хүсэлт гаргасан бол энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.

2.9. Маргааныг хянан шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтыг талууд бүрдүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд талууд бүрдүүлэх боломжгүй бол шинжээч томилж дүгнэлт гаргуулахаас бусад нотлох баримтыг талуудын хүсэлтээр Комисс бүрдүүлэх арга хэмжээг авч болно.

2.10. Гадаад хэлээр бичигдсэн баримтыг албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.

Гурав. Маргааныг хянан шийдвэрлэх

3.1. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бол Оюуны өмчийн газрын даргын томилсон Комиссын бүрэлдэхүүн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.2. Маргаан хянан шийдвэрлэх хуралд гомдол, хүсэлт гаргагч болон хариуцагч этгээд хүсэлт гаргасан тохиолдолд оролцож болно .

3.3. Гомдол, хүсэлт гаргагч болон хариуцагч этгээд маргааны зүйлтэй холбогдуулан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, өөрийн тайлбар, татгалзлалыг нотлох баримт гаргаж өгөх, хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих, хурлаас гарах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нь гомдлоо, эсрэг тал нь гомдлын дагуу гаргасан тайлбараа нотлох болон үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

3.4. Маргаан шийдвэрлэхээр томилогдсон даргалагч, гишүүд маргаанд оролцогчидтой ямар нэг хувийн сонирхол бүхий нөхцөл байдалтай гэж үзвэл татгалзан гарах үүрэгтэй.

3.5. Комиссын хурлыг Оюуны өмчийн газрын даргын томилсон даргалагч даргалан явуулна.

3.6. Комиссын хуралд комиссын нарийн бичгийн дарга тухайн хэлэлцэж буй гомдол, маргааны талаар илтгэнэ.

3.7. Гомдол, хүсэлт, өргөдөл гаргагч болон холбогдох этгээд тайлбар гаргах, харилцан асуулт тавих, гомдол, маргаанд хавсаргагдсан холбогдох материалыг судалснаар хурал завсарлана. Комисс дангаараа зөвлөлдөн шийдвэр гаргана.

3.8. Комисс гомдол, хүсэлт, өргөдлийн үндэслэл, талуудын тайлбар, бусад нотлох баримтыг хянан үзэж олонхийн саналаар шийдвэр гаргана.

3.9. Комиссын шийдвэрийг даргалагч танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан хурлыг хаана. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

3.10. Комисс дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

3.10.1. гомдол, хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол хэрэгсэхгүй болгох;

3.10.2. гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох, өөрчлөлт , нэмэлт оруулах тухай дүгнэлт гаргах;

3.10.3. шинжээчийн үйл ажиллагаанд гаргасан гомдол, хүсэлт үндэслэлтэй бол зохих шийдвэр гаргах.

3.11. Хурлаас гарах шийдвэр нь дүгнэлт, тогтоол гэсэн хэлбэртэй байх ба тогтоолыг эрхэлсэн сайдын шийдвэрээр олгосон эрхийн баримттай холбоотой асуудлаар, дүгнэлтийг бусад асуудлаар гаргана.

3.12. Дүгнэлт, тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

3.12.1. Удиртгал хэсэгт тогтоол, дүгнэлтийг хэзээ, хаана гаргаж байгаа, Комиссын бүрэлдхүүн болон хуралдаанд оролцогчдын нэрс, өргөдөл, гомдлын шаардлага, холбогдогч талын тайлбар зэргийг дурдана.

 3.12.2. Үндэслэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгана.

3.12.3. Тогтоох хэсэгт шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэл, гомдол, өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал төлүүлэх, талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тусгана.

3.13. Талууд Комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

3.14. Шаардлагатай бол Комиссын шийдвэрийг үндэслэн тухайн бүтээлийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ тухай Оюуны өмчийн газар өөрийн хэвлэлд хэвлэн нийтэлнэ.

Older Entries

Follow

Get every new post delivered to your Inbox.